Туршилтаар
Шийдвэрийн огноо: 2022.10.05-ний өдөр. №184/ШЗ2022/14790
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
2022.10.31 Процессийн хураангуй-2
Иргэн Ариунаас хариуцагч Ганд холбогдуулан “эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2022 оны 08 дугаар сарын 03–ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хуульд заасан журмын дагуу хариуцагчид мэдэгдсэн байна.
Хариуцагч Ган нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 14 хоногийн дотор хариу тайлбар ирүүлээгүй, түүнчлэн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд өөрөө хүрэлцэн ирээгүй бөгөөд түүний өмгөөлөгч Золоос хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд “… сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа, … сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулах, энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтийг гаргасан байна.
Уг хүсэлтэд холбогдуулан нэхэмжлэгч Ариунаас “… гэр бүлийн хүчирхийллийн улмаас хэргийг яаралтай шийдвэрлүүлэх хүсэлтэй, мөн шүүх сөрөг нэхэмжлэлийг тусд нь шийдвэрлүүлэх боломжтой” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлтийг хэлэлцээд, хариуцагч Ган нь хуульд зааснаар шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй атлаа хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан тул хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулахаар гаргасан өмгөөлөгч Золын хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг хянан шийдвэрлэв.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.
Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч В.Амартүвшин