Туршилтаар
Шийдвэрийн огноо: 2023.05.04-ны өдөр №184/ШЗ2023/08050
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
2023.04.15 Процесс тойм - 7
Нэхэмжлэгч П.Э ХХК хариуцагч Г.Э.Ф ХХК-д холбогдуулан гэрээний үндсэн төлбөрт 411,854,900 төгрөг, алдангийн төлбөрт 205,927,450 төгрөг, нийт 617,782,350 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШЗ2023/07029 дугаартай захирамжаар хангаж, хариуцагч компанийн харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг 617,782,350 төгрөгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авсан байна. Энэ захирамжийг хариуцагч тал эс зөвшөөрч гомдол гаргажээ.
Шүүх хариуцагчийн гомдол болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаад, өнгөрсөн хугацаанд хариуцагч тал маргаан бүхий төлбөрөөс төлөлт хийж байсан, шүүхээс гарах шийдвэрийг биелүүлэхгүй гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй, мөн харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг 617,782,350 төгрөгийн хэмжээнд зогсоосон нь шүүхэд эрх тэгш мэтгэлцэх хариуцагчийн эрхийг хязгаарлахад хүргэж болзошгүй гэж үзэж шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн:
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар