Туршилтаар
Шийдвэрийн огноо: 2023.08.22-ны өдөр. №184/ШЗ2023/14081
Шийдвэрийн төлөв: Захирамж хүчин төгөлдөр болсон.
2023.09.07 Процессын тойм - 8
Иргэн Б нь “…”Б” ХХК-ид холбогдуулан 360 тонн цементийг 90,000,000 төгрөгөөр нийлүүлж, уг үнийн үлдэгдэл 12,425,000 төгрөгийг төлөөгүй тул 12,425,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “ … Хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, болон нэхэмжлэл гардаж авахдаа мэдэгдэн хаягаас үзэхэд хариуцагч нь Баянгол дүүрэгт байрлан үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогддог. Иймд хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн оршин байх хаягийг Сонгинохайрхан дүүрэгт байрлах хаягтай гэж тодорхойлон ирүүлсний дагуу шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн оршин байгаа хаяг Баянгол дүүрэгт болох нь хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувь гардуулсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул тухайн иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлэжээ.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн:
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа